Богд хан уул нь Монголын төдийгүй дэлхийн анхны дархан цаазат газруудын нэг юм. Богдхан уулын дархан цаазат газар нь хойд талаараа нийслэл Улаанбаатар хоттой, урд талаараа Төв аймгийн Зуунмод, Сэргэлэн сумтай хил залгаж оршдог. Монгол Их Юань улсын хууль цаазын 398 дугаар бүлэгт “Богд хан уул, Отгонтэнгэр, Хан Хэнтий, Алтайн нүсэр даваа” зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудыг 1294 онд дархан цаазтай болгож байжээ. XII-XIII зууны үед Ван хан Тоорил дархлан тахиж, Хан уул хэмээн нэрлэсэн домог байдаг. Тус ууланд 54 зүйлийн хөхтөн амьтан, 1660 орчим зүйлийн шавьж, 194 зүйл шувуу бүртгэгдсэн байдаг. Ургамал зүйн хувьд Хэнтийн уулархаг тайгын бүсэд хамаарах учир хуш, нарс, шинэс, гацууран ой зонхилохоос гадна 588 зүйлийн ургамал ургадаг.